Төгс нөхөрлөл үнэхээр байдаг гэж үү?


Төгс нөхөрлөл бол домог

Юуны өмнө ямар ч нөхөрлөл төгс байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүрийн нөхөрлөлд найзынхаа хэлсэн эсвэл хийсэн зүйлд уурлаж бухимдах үе байдаг. Эрүүл харилцаатай үед найзууд хэзээ ч бие биедээ бодит мэдрэмжээ хуваалцахаас айдаггүй, үүнээс болж нөхөрлөлд нь сэв сууна гэж эмээдэггүй. Тэр ч байтугай, тодорхой хэмжээний зөрчилдөөн нөхөрлөлийг илүү дотно бас бат бөх болгож байдаг гэдгийг санаарай. Түүнчлэн, найзын чинь гаргадаг зарим үг, үйлдэл чамд таалагдахгүй байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг нь тоолгүй өнгөрөөж сурах хэрэгтэй.

Найзуудыгаа хэдий чинээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадна, төдий чинээ тэд чамайг байгаагаар чинь хүлээн авч, нөхөрлөл илүү бат бөх болох болно.

Эргэж буцсан нөхөрлөл эрүүл биш

Энэ хорвоогийн хамгийн дотнын найз шиг байснаа гэнэт л танихгүй хүн шиг болж, харьцаагаа тасалдаг найзуудыг мэдэх үү? Хачирхалтай нь тэд яагаад гэнэт харьцаагаа таслах болсноо, яагаад чамтай найзлахаа больсноо огт хэлдэггүй. Ямар ч тайлбаргүй холдож яваад хэсэг хугацааны дараа юу ч болоогүй юм шиг буцаад бидний амьдралд ороод ирдэг.

Эргэж буцдаг эргүүлэг шиг ийм найзууд хэзээ ч урт хугацааны анд нөхөр болж чаддаггүй бөгөөд зөвхөн өөрт нь ашигтай, хэрэгтэй үед л чам дээр ирдэг гэдгийг санаарай. Ийм нөхөрлөл шударга бус, бас үнэхээр залхмаар учраас, ийм найз тааралдсан бол түүнээс аль болох зайгаа барихыг зөвлөж байна.

Заримдаа тойргийн гадна үлдэж магадгүй

Ямар нэг үйл явдлаас ганцаараа орхигдон үлдэх нь тийм ч таатай мэдрэмж биш. Хэн нэгэн чамайг дээрэлхэх зорилгоор санаатай гадуурхсан байж болно. Эсвэл зүгээр л найзууд нь тодорхой нөхцөл байдлын улмаас алдаа гаргасан ч байж болно. Жишээ нь, сануулахаа мартах, хүний тоо дүүрэх, орон зайн боломж бололцоо байхгүй байх гэх мэт. Гэхдээ энэ бол ертөнцийн төгсгөл биш гэдгийг санах хэрэгтэй. Хүн бүр амьдралынхаа аль нэг үед ямар нэг зүйлээс орхигдсон мэт мэдрэмж авах нь гарцаагүй.

Нөхөрлөл дуусдаг

“Best friends forever” буюу “Нөхөрлөл үүрд” гэдэг зүйл бодит амьдралд маш ховор тохиолддог. Хосууд салдаг шиг найзууд ч гэсэн салж болно. Нөхөрлөл дуусах болсон шалтгаан юу ч байсан, бүтээгүй зүйлд хэтэрхий ач холбогдол өгч автаад хэрэггүй. Түүний оронд ирээдүйд учирч болох мянган мянган учрал, сайхан нөхөрлөл талаар бодоорой. Чиний зүрх сэтгэл үүнээс ч илүү хэцүү зүйлийг даван туулах чадалтай.

Өмчлөх хэрэггүй

Хүн өөрийн гэж бодсон зүйлсээ харамлах, өмчлөх хандлага гаргах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ найзыгаа хэзээ ч өмчилж болохгүй. Найзууд чинь завгүй байх, хамтдаа цаг өнгөрөөх боломжгүй байх тохиолдол олонтоо гарна. Тэр болгоныг өөртөө хүндээр тусгаж авах нь та хоёрын нөхөрлөлийг сэвтээж болзошгүй.

Хэн нэгэнд хэт наалдах, түүнээс хэт их анхаарал халамж шаардах нь найзуудыгаа өөрөөсөө түлхэж буй хэрэг.

Үүнтэй ижил, хэрэв найз чинь чамаас зөвхөн өөртэйн найзлах, өөртэйн цагийг өнгөрөөх хэтийдсэн шаардлага тавиад байвал зайгаа барьж сураарай. Жинхэнэ найзууд бие биедээ өөрсдийн гэсэн орон зайг заавал бий болгож байдаг.

Хөвгүүд нөхөрлөлд саад болж болно

Охид найз хөвгүүнтэй болмогц найзуудыгаа үл тоомсорлож эхэлдэг нь алдаа юм. Учир нь нөхөрлөлтэй адилхан, үерхэлд ч гэсэн нөгөө хүнтэйгээ бүхий л цаг хугацааг өнгөрүүлэх гэж хичээхгүй, бие биедээ хувийн орон зай өгөх нь илүү эрүүл харилцааг бий болгож байдаг.

Ялангуяа, найз хөвгүүн нь түүнээс бүх цаг хугацаагаа зөвхөн өөрт нь зарцуулахыг шаардаж байгаа бол харилцаа эрүүл бус байгаагийн илрэл.

Нөхөрлөлөө харьцуулах хэрэггүй

Охид нөхөрлөлөө номноос уншсан, кинон дээр харсан, зурагтаар үзсэн зүйлтэйгээ харьцуулах нь элбэг. Гэвч эдгээр жишээ нь ихэнх тохиолдолд бодит амьдралаас хол, хийсвэр зүйл байх нь олонтоо. Үүний нэгэн адил, Instagram, Facebook-ээс харж буй бусад хүмүүсийн нөхөрлөлийн талаарх мэдээлэл ч мөн бодит байдлыг илтгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс сошиал медиад амьдралынхаа хамгийн оргил, онцлог зүйлсийг хуваалцдаг. Хэчнээн гоё зураг тавьсан ч тэр хүн утасны цаанаа ганцаараа уйтгарлан сууж байх магадлалтай гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Иймээс, өөрийнхөө бүхий л амьдралын хэн нэгний амьдралыг зурвас посттой харьцуулан гуниглах, атаархах нь утгагүй.

Зарим найзууд үнэндээ найзууд биш

Амьдралд найз гэж бодсон хүн чинь найз биш байх тохиолдол учирч болно. Энэ ухаарал чамд хүндээр тусах нь гарцаагүй ч, ирээдүйд жинхэнэ найзуудтай болох өөр хаалгуудыг нээж байдгийг санаарай.

Өөрт чинь муу ханддаг, хортой нөлөө үзүүлдэг хуурамч найзуудаас холдож сурах хэрэгтэй.

Хэт их хяналт тавьдаг найзууд бол найз биш

Арван жилд анги ахих тусам нийгмийн шатлалууд эрчимжиж, залуусын дунд фракц, бүлэг бий болгох хандлага нэмэгддэг. Хүн угаасаа нийгмийн амьтан учраас ганцаараа байхаас илүүтэй ямар нэг бүлэгт хамааралтай байх, нэр хүндтэй байхыг хичээдэг нь нууц бишээ. Гэхдээ ямар нэгэн бүлэг эсвэл тойрогт хамааралтай байхын тулд тэдний эрхшээлд орох, итгэл үнэмшлийнхээ эсрэг зүйл хийх шаардлагатай учирч байвал тэр хүмүүс чиний жинхэнэ найз биш гэсэн үг. Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, итгэдэг зүйлийнхээ төлөө бат зогсдог хүчтэй байгаарай.

Нөхөрлөл хүч хөдөлмөр шаарддаг

Facebook дээр найзууд байх, Insta дээрх зураг дээр нь зүрх дарах, мессенжерээр чат бичих нь жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг санаарай. Хүмүүс хамтдаа цагийг өнгөрөөж, нүүр нүүрээ харан ярилцаж, бие биедээ тусалж дэмжиж байж жинхэнэ нөхөрлөлийг бий болгодог. Жинхэнэ найзтай болохыг хүсэж байгаа бол утаснаасаа холдоод тэдэнтэйгээ уулзахад илүү их цагийг зарцуулаарай.

Чи найзуудыгаа гомдоож болно, найзууд нь чамайг гомдоож болно. Хэн ч төгс биш. Нөхөрлөл чамаас цаг хугацаа, эрч хүч бас сэтгэл шаардах болно. Харин энэхүү хүчин чармайлтын чинь шагнал нь урт хугацааны гайхалтай найзууд байх болно.

 

Чиний найз Asuuna 😉

Эх сурвалж: www.verywellfamily.com